4

XIII зууны үеийн Монгол дахь шашин, итгэл үнэмшлийн төлөв байдал

Хамгийн сүүлд1375цагийн өмнө уншсан байна

Удиртгал

XIII зууны үеийн Монголчуудын аж амьдрал, дайн дажин, итгэл үнэмшлийн талаар баримт материалууд дутмаг байдаг. Тухайн үед Монголын Эзэнт Гүрний нутаг дэвсгэрээр аялан “хаанд бараалхана” гэдэг амь өрссөн явдал байсан болохоор тийм ч олон хүн зориглон Монголчуудын дунд орж чадаагүй байх.
Харин МЭ 1253-1255 оны үеийн Монголчуудын төлөв байдлыг биеэр очиж харсан, тэр ч байтугай хаадуудтай уулзаж, ордонд нь зочилсон цөөхөн хүн байдгийн нэг нь Гильом Де Рубрук (William of Rubruck) юм.
Тэрбээр Францын ван IX Людовик (Louis)-ын захидлыг Бат хааны хүү Сартахад хүргэх тэргүүн, мөн Монголд олзлогдсон олон христосын шашинтнууддаа сүнслэг тайвшрал өгөх хоёр дах зорилготойгоор нутгаасаа гарсан гэдэг. Рубрук Сартахтай Волга мөрний сав газар уулзсан боловч, тэр түүнийг өөрийн эцэг, Алтан Ордын хаан Бат уруу явуулж, Бат цааш Мөнх хаан уруу явуулснаар тэрээр Монголчуудын нийслэл болох Хархорум болон хааны ордонтой танилцах болсон. Тэнд тэр Монголчуудын аж амьдралын жинхэнэ дүр төрхийг харж, ойлгосон. Рубрукын ирэлт, Сартахад хүргүүлсэн захидал Монголчуудаас найрамдал эрж, алба гувчуур төлөх гэж байгаа мэтээр ойлгогдож байсан нь харагддаг. Учир нь, хэн ч Монголчууд уруу өөр зорилгоор буюу Рубрукын ирж байгаа шиг зорилгоор ирнэ гэдэгт итгэж өгөхгүй байсан. “Тэгсэн ч гэсэн тэд гайхан “найрамдах гээгүй ахул та нар юуны учир ирсэн юм бэ?” гэж дахин давтан шалгааж байлаа. Тэд үнэхээр бардам дээрэнгүй тул чухамхүү бүх ертөнц даяараа тэдэнтэй найрамдахыг эрмэлздэг гэж боддог ажээ.”

Рубрукын аяны гол зорилго шашны буюу, сүнслэг зорилготой байсан бөгөөд франц улсын хаан, шашны тэргүүлэгч IX Людовикийг төлөөлсөн элчээр (элчин сайдаар) ирээгүй байсан юм.

Энэхүү өгүүлэл маань Рубрукын бичсэн Дорно Этгээдэд Зорчсон Минь номноос сийрүүлэн тухайн үеийн Монгол дах шашны төлөв байдал, тэдгээрийн талаар танилцуулах зорилготой юм. Тухайн үеийн Монголын аж байдал, соёл, зан үйлийг Рубрук тэмдэглэлийнхээ эхэнд шагшин дурьдсан байдаг. Түүний аялалын зорилго Сартахыг христосын шашинтан болсон гэсэн дам яриаг үнэн болохыг биеэр уулзаж мэдэх гэсэн энгийн зорилго байсан. Тэрээр агуу их Мөнх хааны ордонд ирж, түүний ойр хэдэн сарын турш амьдрахдаа Плано Карпини шиг дайн тулааны, цэрэг зэвсгийн асуудлыг гэхээсээ илүү шашин шүтлэгийн асуудлыг нилээн сайн ажигласан байсан байна. Монголын Эзэнт Гүрэн Ази, Дундад Ази, Зүүн Европын өргөн уудам нутагт ноёрхолоо тогтоосон байсан болохоор Газрын дундад тэнгис, Евразийн ойр орчимд байсан бараг бүх шашны бүлэглэлүүд Монголд зэрэгцэн оршин байгааг Рубрук аялалынхаа явцад мэдэж авсан. Тэр Несториан, Оросын, Армены, Георгиан, Ромын христиануудыг, Муслимууд (Сараццин), Уйгарууд, Туинууд , мөн манихей гэгч тэрс үзлийн талаар ч бага зэрэг дурьдсан.
Дундад зууны үеийн католик шашинтны хувьд Рубрук эдгээр шашнуудын зан үйлийг харж, тэдгээрийг дурьдахдаа магадгүй IX Людовикт таалагдах гэж ерөнхийдөө дэмжих бус, харин жаахан шүүмжлэх, доош хийх замаар бичсэн байгааг дурьдахад илүүдэхгүй биз ээ.

Шашны хүлцэл (tolerance) ба эрх чөлөө (freedom)

Монголчууд аливаа шашныг дарах буюу дөвийлгөх явдлыг чухалчилж үздэггүй байсан. Агуу их гүрнийг ноёлж байсан боловч, эрхэндээ орсон хүмүүсийг хэзээ ч шашнаар нь ялгаж, эсвэл нэгтгэх гэсэн бодлого барьж байсангүй. Эзлэгдсэн улс манай хааны улс төрийн эрх мэдэл дор захирагдаж байгаа нөхцөлд ард иргэд нь өөрсдийн шашин шүтлэг, итгэл үнэмшилээ чөлөөтэйгээр илэрхийлж байсан байна. Найман, Хэрэйд, Мэргэд, Онгут аймгууд Монголыг нэгтгэхээс өмнө несторын шашинтай байсан бөгөөд манай хаадын эх, хатдуудын дотор эдгээр аймгуудаас гаралтай хүмүүс байсан. Номын арван есдүгээр бүлэгт, Найман, Хэрэйд, Мэргэд аймгийг захирч байсан ван нар нестор шүтлэгтэй байсан тухай, мөн Тоорил ван шүтлэгээ онгон сахиусанд мөргөх болгон өөрчилсөн тухай гардаг.
Тэрнээс гадна уйгур аймагт буддын, дараа нь манихейн болон несторын итгэл үнэмшил дэлгэрсэн байсан. Хорин зургадугаар бүлэгт, Рубрук тэдний хотод байсан гурван дуган буюу Христосын, лалын болон буддын дуганууд зэрэгцэн оршиж байсан тухай дурьдсан. Эзэнт гүрний дотор сараццинууд буюу лалын шашинтай үндэстэн олон байсан.

Монголд нэгдсэн овог аймгуудын тэдгээр шашнуудаас гадна монгол болон татаруудад өөрийн гэсэн үндсэн шашны илэрхийлэл болох онгон шүтээн, тэнгэр шүтээний зан үйл байсан. Мөнх хаан Рубрукт, “Моалууд бид зөвхөн цогцолсон бурхан байдаг гэж итгэдэг. Бурханы хүчээр л бид аж төрж, мөхөж буй. Бид бурханд чин сэтгэлээр ханддаг” гэсэн байгаагаас харахад тэд христийн болон лалын шашнуудтай адилхан монотиестик итгэлтэй гэж харагдах авч түүний дараагийн хэлсэн, “… Тэгэхээр бурхан та бүхэнд ном заяасан атал христос шашинт та нар түүнийг сахихгүй аж. Бурхан бидэнд үзмэрчдийг (diviners буюу бөө) хайрласан, тэдний хэлсэн бүхнийг бид даган биелүүлж, энэ хорвоод сэтгэл амар явж байна” гэснээс харахад түүний итгэл үнэмшил бөө мөргөлийн гэж харагдана. Энэ нь тухайн үед олон шашин зэрэгцэн оршихдоо синкретист үзэл санаа, зан үйлийг бий болгож, уламжлуулж байсныг харуулж байна. Хааны монотиестик үзэл санаа, өөр бусад шашны үзэл бодолтой зөрчилддөггүй байсан нь тодорхой.
Зөвхөн хаан ч бус, мөн христос шашных нь дуган өөрөө танигдахгүй болтлоо буддын ёс жаяг шингээсэн байсныг Рубрук 26 дугаар бүлэгт тэмдэглэсэн. Христосын шашны гэлэн гэгдэгч нэгэн үнэндээ шашныхаа номын дагуу бус харин оточ адил эм өгч хүн алах шахсан тухай тэмдэглэл нь маш сонирхолтой. Мөн тэр гэлэн манихейн тэрс үзэлтэй нэгэн байсан. Христосын шашны нэгэн лам өвдөхөд тэд сараццин бөөд хүн явуулан асуулгадаг. Христос болон лалынхан цор ганц бурханд итгэдэг гэдэг боловч онгод шүтэгчидтэй адил ид шид, бөөд итгэж байгааг эндээс харж байна. Рубрук уулзсан несторын болон бусад христитгэлтнүүд итгэл үнэмшлийнхээ талаар дутуу дулимаг мэдлэгтэй бөгөөд, ёс төдий итгэлтэй байгаад нь гомдоллон бичсэн байдаг. Мөн Рубруктай ном хаялцсан буддын тахилчид,
“Бид бурхныг цогцолмол хэмээн үзэж шүтнэ… Бурхныг сүнс хэмээн шүтнэ… Бид эдгээр хөрөг дүрсийг бурхан гэж боддоггүй. Харин манайхны хэн нэгэн баян хүн нөгчвөл түүний хүү, эсвэл түүний эхнэр, эсвэл түүний дотно хэн нэгэн хүн талийгчийн дүрийг хийж энд тавихын тушаадаг, үүгээр бид нөгчигсдийн дурсгалыг хүндэтгэнэ…”

гэх зэрэг хариулснаас үзвэл тэд яг л тухайн үеийн Ромын католик итгэлтэй маш адилхан байна. Тиймээс ч Рубрук өөрийн тэмдэглэлдээ гайхан, “Моалууд буюу татарууд бол зөвхөн цогцолмол бурханд шүтдэгээрээ тэдний (Юугурын) шашны бүлэглэлд багтдаг боловч нөчигсдийн дүрсийг эсгийгээр хийж, маш тансаг бөсөөр хувцасласан нэг юм уу, хоёр чингэлэг тэргэнд хийж хадгална” гэсэн байдаг.
Монгол хаад эдгээр бүх шашны хүмүүсийг ордноо тойруулан байрлуулж, тэдгээрийн зан үйлийг үйлдүүлж, тэр ч байтугай тусгайлан бэлэг сэлт өгч, хаанчлал болон хааныхаа төлөө залбирал, мөргөл, ёслол үйлдүүлдэг байсан байна.
“Чухам энэ өдөр Мангу хан тухайлан хурим найр хийсэн, ер нь тэр, зайран нараа ямар нэг өдрийг баярын өдөр гэх юм уу, нестор ёсны ямар нэг санваартан хутаг өдөр гэвээс ордондоо хурим найр хийдэг заншилтай аж. Тийм өдөр хамгаас түрүүнд христос шүтлэгтэн лам нар номын өмсгөлөө өмсөн ирж, түүний (Мөнх хаан) төлөө мөргөл үйлдэн түүний аягыг адисладаг ажээ. Тэдний явсны дараа саррацин лам нар хүрэлцэн ирж, мөн адилхан үйлдэнэ. Тэдний дараа онго тахилгач нар хүрч ирж, мөн адил үйлдэх аж.”

Мөнх хаан өөрөө малын далаар мэргэлж, онго тахидаг байсан ба мөн санваартнуудаас загалмай авч, Библийг уншуулдаг байсан. Аригбөх хаан хүртэл, “Месси бол бурхан мөн гэдгийг бид мэднэ шүү дээ” хэмээн хэлсэн байдаг. Мөнх хааны хатдын зарим нь онго тахигчид, зарим нь нестор итгэлтнүүд байсан байна. Мөн түүний ордонд анимист эсвэл пантиест үзэлтэй өөр шашныхан түүнд үйлчилж байсан. Хаан иймэрхүү шашны плюралисмыг бэлхнээ хүлээн зөвшөөрсөн байсан.
Дээр өгүүлсэн шашнуудын заримаас, тэдгээрийн үндсэн үзэл суртал, итгэл үнэмшлийг дурьдаж, зарим нэгэн зан үйлийг ойлгоход дөхөм болох мэдээллүүдийг дор хавсаргав.

Бөө мөргөл

Монголчуудын амьдралтай салшгүй холбоотой нэгэн зүйл бол бөө мөргөл юм. Бөө мөргөлийн нэгэн хэлбэр болох онго тахих зан үйлтэй холбоотой зарим мэдээллүүдийг номын гуравдугаар бүлгээс ажиглаж болно.
“Гэрийн эзний суудлын дээд талд эсгий онгод буюу хүн дүрс онгод байх бөгөөд түүнийг гэрийн эзний ах гэнэ, нөгөө талд нь хатагтайн орны толгой дээр мөн тийм онгод байх бөгөөд түүнийг хатагтайн ах гэнэ. Тэдгээр онгодыг хананд олгосөн байх агаад тэдний дунд арай дээхнэ бас нэг бага шиг онгод байх нь нийт гэрийн сахиус буюу онгон сахиус ажуу.”

Эдгээр онгод сахиусаа шүтэн биширч, аливаа үйлдэл, хоол цайны дээжээ түүнд өргөдөг нь өвөг дээдсийнхээ сүнс сүлдэд шүтэх, даатгах (ancestor worship) анимисмын нэг хэлбэр юм. Тэд мөн үхрийн болон гүүний дэлэнгийн дүрстэй онгод бүтээн түүнд цацал өргөж байсан. Хүн ба амьтны сүнсэнд мөргөх нь нэкролатри (necrolatry) буюу аливаа хүн ба амьтны сүнсийг дуудах, холбоо барих, ивээл нигүүлслийг нь хүртэх ид шидийн зорилготой анхан шатны (primal) шашны илэрхийлэл юм.
Мөн тэд онго сахиус шүтэхээс гадна гал, ус, агаар, тэнгэр шүтнэ. Энэхүү байгалийн жирийн үзэгдлүүдийг ер бусын үзэгдэл хэмээн хүлээн авч, тэдгээрийн цаана ямарваа сүнс байж тэдгээрээр илэрхийлэгдэж буй хэмээн шүтнэ. Үүнийг натурисм буюу байгал шүтэх шүтлэг гэнэ.
Аливаа сүнслэг, үл ойлгогдох ертөнц уруу бөө зайран нар л нэвтэрч тэдгээр сүнснүүдтэй холбоо тогтоож, тэдний хамгаалалтыг, нигүүлслийг хүртэнэ гэдэг бөө мөргөлийн гол үндсэн зорилго байдаг бөгөөд энэ нь өнгөрсөн ба одоо цагуудад яригдах бөгөөд ирээдүй цагт яригдах нь ховор юм. Тэнд бусдын зовлонгоор амьдрагчид, бусдыг мунхруулагчид, хүмүүсийн итгэл үнэмшлээр тоглогчид байсан нь харагддаг.
“Энэ үед Мангу ханы авааль эхнэр хүү төрүүлж, тэр нялх хөвүүний заяа таиланг шинжлүүлэхээр бөө нарыг залжээ. Энэ хөвүүн урт насалж, аугаа их эзэн болно хэмээн тэд аз жаргалтай бүхний амлажээ. Гэтэл хэдэн өдрийн дараа хөвүү нас баржээ. Тэгэхэд эх нь бөө нарыг дуудан хилэгнэж: “Хүүг минь урт насална гэж та нар хэлсэн бус уу. Гэтэл тэр маань өөд болчихлоо” гэжээ. Тэд “хатагтай минь, Хиринийн асрагч бөгөөд дээр үед хороогдсон увлисчийг бид мэднэ. Тэр л хүүг чинь хорложээ, түүнийг аваад явж явааг бид харж байна” гэж хариулжээ.”
Хэдийгээр монголын хаад, язгууртнууд Ромын Христос, Нестор, Күнз, Таоисм, Хятадын Буддисм, Төвдийн Ламаисм зэрэг шашнуудтай тулгарч, зэрэгцэн оршсон боловч бөө мөргөлийн тэргүүн байр суурь 16 дугаар зуунд Засагт хаан, Түмэдийн Алтан хааны үеэс буддын дарамт шахалт ирэх хүртэл алдагдаагүй байна.

Христосын шашин

Есүс Христийг цор ганц Бурханаас ирсэн цор ганц Хүү хэмээн итгэх үндсэн хандлагатай шашныг Христосын шашин гэх бөгөөд 13 дугаар зуун гэхэд энэ нь маш олон урсгал чиглэл, үзэл бодлын зөрчилдөөнтэй бүлгүүдэд хуваагдсан байсан. Энэ шашин нь ойролцоогоор МЭӨ 6 онд Израилийн Бэтлэхэм хотод төрсөн Есүс Христийн сургаал, амьдралаас үүдэлтэй юм. Энэхүү номонд дурьдагдсан Христосын шашин (Ромын Католик), Нестор ёсны шүтлэг (Несторын Христитгэл), Манихейн тэрс үзлийн талаар цухас танилцуулъя.

Ромын Католик

Ромын Католикчууд тухайн үеийн Европын сүнсний болон улс төрийн тэргүүлэгч байсан. Монголын Эзэнт гүрэн хүчирхэгжиж, дэлхийг ноёлож байсан тэр үед Католикчууд Монголын хаадыг өөрсдийн шашинд оруулах гэсэн хүсэлтэй байсан бөгөөд ингэснээр тэд Монгол гэгч их хүчийг номхотгох, эсвэл энх тайван тогтоох боломжтой болно хэмээн сэтгэж байсан байх. Рубрук, “Гэлэн минь, би түүнийг [Мөнх хаан] христос шүтлэгтэн болохыг дуртайяа ятгана. Учир нь би, бүхэнд үүнийг номлох гэж ирсэн шүү дээ,” “Бидний үүрэг бол хүмүүсийг тэнгэрийн тааллын дагуу аж төрж сургахад оршино” хэмээн ярилцаж байсан. Католикчууд аливаа хувь хүний итгэл үнэмшил Есүс Христ дээр байхыг чухалчлах боловч тухайн хүн тэдний ёс болох баптисмыг хүртчихвэл болно гэсэн үзэлтэй байсан. Тиймээс ч Рубрук болон бусад санваартнууд Мөнх болон бусад хаадад “загалмай зүүлгэх” гэж хичээж байсан. “Бурхны заларсан өдөр болоход Сергий нэрт армян гэлэн энэ баярын өдөр Мангу ханд загалмай зүүлгэнэ гэж хэлэв.” “Гэвч нестор ёсны шүтлэгтний зарим нь хан адис хүртэж загалмай зүүсэн гэж надад итгүүлэхийг оролдож байлаа.”
Тухайн үед Монголд нилээн тооны католик итгэлтнүүд байсан бөгөөд тэдгээр нь бүгдээрээ биш юмаа гэхэд ихэнхи нь гадаадын олзны хүмүүс байсан. Тэд өөрсдийн зан үйлээ Монгол нутагт чөлөөтэйгээр илэрхийлэх боломжтой байлаа. Гэхдээ тэдгээр христосын шашинтнууд өөр өөр газраас ирсэн болохоор бүгд Ромын католик бус, харин өөр өөрсдийн гэсэн уламжлал, онол сургаалтай байсан нь тэднийг нэгтгэж чадаагүй байх.
“Тэр үед тэнд үлэмж олон тооны христос шүтлэгтэн байсан нь: мажар, алан, орос, герман, георги буюу гүрж, армян зэрэг бөгөөд тэд олзлогдсоноосоо хойш тахилын идээ хуваан хүртэхэд оролцоогүй явсны учир гэвэл нестор шүтлэгтэн нарын ёсны дагуу дахин загалмай эс зүүх аваас тэднийг сүмд оруулахаас нестор шүтлэгтэн нар татгалзсан ажээ. Гэтэл энэ тухай тэд нар бидэнд юу ч дурсаагүй, бас ч Ром сүм хийд бол хамаг шашны манлай мөн, хэрэв папад чөлөөтэй хүрч болдогсон аваас тэд өөрсдийнхөө тэргүүн хамбыг папаас залах байсан гэдгээ хүлээн зөвшөөрч билээ.”
Тухайн үеийн ямар ч христитгэлтнүүд Баптисм хийлгэх, Эзэний Зоог барихыг хамгийн чухалд тооцдог байсан. Дээр өгүүлж буй баптисмыг дахин хүртэх ёстой гэж несторын шаардаж буй нь тэдгээрийг хоорондоо дайсагналцсан, мөн бие биенээ хүлээн зөвшөөрдөггүйг харуулж байна.
Энэхүү шашны нэрээр маш олон ашиг хонжоо хайгчид бусдыг мунхруулж байсан. Энэ тухай Мөнх хаан олж мэдээд Рубрукт хэлж байсан. “Мөнгөнөөс болж хүн шударга ёсноос гаждагийг та бүхэн мэдэхгүй байна.” Мөн тухайн үеийн христос шашныхан ганц хоёр зан үйлээс цааш, итгэл үнэмшлийнхээ талаар тодорхой мэдлэггүй байгааг номын 42 дугаар бүлгээс уншиж болно. Рубрук тэдэнд өдөр тутмын амьдралд баримтлах сургаал айлдсан. Мөн Рубрук тэдний итгэл үнэмшил маш сул, хоосон байгааг хэлдэг. “Эдгээр золгүй санваартан түүнийг хэзээ ч бурхны сургаалд үл сурган, шашинд орохыг сэнхрүүлсэнгүй ажээ.”

Несторын итгэл

Несторын христитгэлийг үндэслэгч нь Несториус (МЭ 428-451) гэгч Константинополийн тэргүүн хамба, өмнө нь Антиоход ахлах ламын ажил хийж байсан хүн. Тэрээр Христийн тухай онол дээр “шинэ нээлт” хийсэн нь тухайн үеийн теологичдоор хүлээн авагдаагүй бөгөөд улмаар тэрээр Чуулганаас хөөгджээ. Несториусын тэрхүү сургаалыг зарим зүүний чуулгануудын тэргүүнүүд хүлээн зөвшөөрч, тэд нэгдэн Несторын Чуулганыг бий болгожээ. Несторын христитгэгчид миссионы өндөр тэмүүлэлтэй гэдгээрээ танигдсан байдаг ба тэд Сайнмэдээг Энэтхэг, Арабт хүргэсэн бөгөөд Монголын Эзэнт гүрний үед энэ нь хамгийн ихээр тархсан шашин байсан.
“Христитгэл Ориентал, Иакобын, болон Несторын хэлбэрээрээ (Монголд) цэцэглэн хөгжсөн… Несторчууд Иакобчуудаас тооны хувьд ч, нөлөөний хувьд ч хамаагүй илүү байсан бөгөөд Монголын ноёрхлын үед Ази даяар Несторын хөдөлгөөн өрнөж байсан. Энэ нь несторын доод зэрэглэлийн гэлэнгүүдтэй уулзаж байсан Гильом Дэ Рубрукын тэмдэглэснээс ч илүү сонирхолтой байсан”
Номын 19 дүгээр бүлэгт, Монголын хэд хэдэн аймгуудыг аль хэдийн нестор итгэлтэй болсон хүмүүс байсныг тэмдэглэсэн. Энд Рубрук католик хүнийхээ хувьд несторчуудыг худал хэлдэг, асуудлыг томруулж ярьдаг хэмээн онцлон хэлсэн. Несторын итгэл Монголын газар нутагт аль зургадугаар зууны үеэс байсан боловч үнэндээ тэд юу ч мэдэхгүй байсан гэдгийг Рубрук хэлэхийг зорьсон нь харагддаг. Мөнх хаан тэдэнд итгэл хоорондын маргааныг зохион байгуулсан бөгөөд тэр маргаанд христитгэлийг несторынхон бус харин тэр өөрөө төлөөлөх хүсэлтэй байсан. Тэгээд ч маргаанд тэр өөрөө ялсан гэж хэлсэн. Нестор итгэл, католик итгэлийг Рубрук ялгаж бичээгүй ч тэр өөрийн уулзсан нестор гэлэн болон тахилч нарыг маш дорд үзэж байгаа нь харагддаг.

Манихейн тэрс үзэл

Рубрук дөчдүгээр бүлэгт, гэлэнг манихейн үзэлтэй байгаа тухай, мөн дөчин тавдугаар бүлэгт түүнтэй маргалдагчид бас ийм үзэлтэй байгааг хэлсэн. Манихейн үзэл нь өнөөдөр Гностик үзлийг хамгийн бүрэн төгс илэрхийдэг сүүлчийн үзлүүдийн нэг гэж үзэгддэг. Энэ нь Сиро-Персийн Мани (Syro-Persian Mani: МЭ216-67) гэгч өмнөд Бабилон дах Иудей-Христитгэлийн бүлэгт өсөн торниод дараа нь тэндээсээ эсэргүү болон гарсан нэгнээр үүсгэгдсэн шашин юм.
Манихейн гносис Гэрэл болон Харанхуйн хоорондох ер бусын тэмцлийг танилцуулдаг. Тэмцэлд гэрлийн сүнслэг дэлхий харанхуйн материаллаг дэлхийд олзлогдох бөгөөд улмаар тэрхүү Гэрлийг аварч, Харанхуйг шийтгэн хорих зорилготойгоор ертөнц бүтээгдсэн гэж номлодог. Хүний сүнс мэдлэгээр (гносис) сэргээгдэж, тэнгэрлэг эх үндэстэйгээ мэдэж болно гэж хэлдэг. Манихейн үзлээр Есүс олон гностик аврагч нарын нэг гэж үзэгдэх бөгөөд түүний түүхэн илэрхийлэлт нь цэвэр тэнгэрийн (celestial) болохоос бодит хүнийх бус хэмээн хардаг. Мани өөрийгөө Есүс Христийн Элч хэмээн нэрийдэх бөгөөд өмнөх үеийн тэрс үзэлтэй Маршионоос (МЭ80-160) Паулын антиномианисмын ойлголтыг суралцжээ.
Номын 40 дүгээр бүлэгт гарч буй гэлэн ба санваартны хооронд гарч буй маргаан нь хүний үүслийн талаарх маргаан юм. Христитгэлтнүүд Бурханаас өөр мөнхөд оршин байсан зүйл үгүй бөгөөд Тэр л бүхнийг бүтээсэн гэж итгэж байхад манихейн үзэлд буг ч мөн тэнцүү нэгэн хүчин мэтээр танилцуулагддаг.
Дөчин тавдугаар бүлэгт гэлэн бус, харин туин хүмүүс манихейн үзэл баримтлалд орсон байгааг харж болно. Тэд “юмсын тэн хагас нь муу, нөгөө хагас нь сайн, наад зах нь үнэсэн хоёр зүйл эхлэл байдаг” гэсэн манихейн үзэлтэй байсан.
Манинхейн тэрхүү гэрэл ба харанхуйн талаарх үзэл бодол ч гэсэн тухайн үеийн бөө мөргөлд нөлөөлсөн нь өнөөдөр бидэнд харагддаг.
“Нөгөөтэйгүүр, Христитгэлийн үлдэгдэл Монгол ордосуудын дунд байж зууны дунд үе хүртэл оршсоор байсан. Буддисм, Манихейсм, Несторианисмын зан үйлтэй, хот суурин амьдралтай Турк Уйгаруудтай ойр байсан Монголчууд эдгээр шашнуудын үзэл бодлыг, ялангуяа Манихейн гэрэл гэдэг ухагдахууны дүрслэл Хурмаст (Персийн Ахирамазда), гучин гурван тэнгэрийг аажмаар өөртөө шингээсэн.”
Хэдийгээр манихейн үзлийг гаж гэдгийг мэдэж байсан боловч эдгээр шашнууд тэр ч байтугай монголчууд энэхүү үзлийн нөлөөнд автаж байсан бололтой.

Сараццин

“Батад бас Берка нэртэй дүү байдгийн бэлчээр нутаг нь Персээс Турк одох Сараццины зам замнах Төмөр хаалганы зүгт байна. Тэд Батад хүрэх замдаа Беркагийн гутгаар дайрч түүнд бэлэг өргөнө. Тэгээд Берка өөрийг Саррацин гэж тооцож одондоо гахайн мах идүүлдэггүй.”
Монголчууд зүүн азийн мусальманчуудыг Сартол гэж дууддаг байсан ба үүнтэй адил саррацин гэж энэ үг дээрх үгтэй адил араб шарки буюу oriental (зүүн ази) гэсэн утгатай үг бололтой. Бэрх хааныг лалын шүтлэгтэй болсон эсэхэд Рубрук эргэлзэж байгаагаа илэрхийлэн “гэж тооцож” хэмээн хэлсэн.
Лалын шашныг үндэслэгч Мухамед МЭ 570 онд Арабын Мекка хотод төржээ. Тэрээр өөрийн үндэсний шашинд сэтгэл дундуур болохоос гадна өөрийн 40 нас хүртэлх амьдралд ихээр зовинож байжээ. Улмаар Номтой Хүмүүс болох Иудейчүүд Христитгэгчдээс үлгэр аван Бурхантай нүүр тулан уулзсан гэдэг. Коран судартаа тэр ертөнцөд олон биш, харин бүхнийг үүсгэсэн, захирагч цор ганц бурхан Аллах байдаг ба хүний оршлын гол утга нь Түүнийг хүндэлж, үйлчлэх гэдгийг номлосон. Тэр өөрийгөө Есүсийн дараа ирсэн Бурханы элч хэмээн өргөмжилсөн.
Монголын эзэнт гүрнээр аяласан аялалд лалынхан тааралдаасай гэж Рубрук хүсээгүй байх. Учир нь тэд өөрийнх нь итгэлийн дайсан байсан. Тэрээр IX Людовикын Египет болон Палестины эсрэг хийсэн аян дайны үеэр нилээн хугацаанд тэнд байж лалын тухай мэдэх болсон нэгэн байх. Мөн тэрээр өмнөх аялагчдаас сараццинуудын тухай сонссон байж болох ч түүний аяласан тэрхүү газар нутгийн талаар сайн мэдэх хүн тэр үед бараг байгаагүй. Ямар ч л байсан Монголд лалынхан байгааг хараад тэрээр гайхсанаа, “иймд би Магометын номыг яагаад тэр хүртэл ямар шулам аваачсаныг гайхав” гэсэн байдаг. Рубрук мөн сараццинуудын тухай дурьдахдаа тэднийг айлгасан, маргаанд ялсан, мөн тэдний дундуур загалмай барин алхсан гэх зэргээр сараццинуудад дургүйгээ илэрхийлэн бичсэн байдаг.

Дүгнэлт

Энэ бүхнээс харахад XIII зууны үеийн Монголчууд аливаа шашныг хүлээн авахдаа сайн байсан боловч тэдгээрт гүн гүнзгий зориулалтаар бус зөвхөн хэрэглээний үүднээс ханддаг байсан байна. Хэдийгээр цор ганц бурханд мөргөх үндсэн хандлагатай ч аливаа өөр үзлийг зөрчилдүүлэн тавих бус, харин шингээн холих замаар уусган хүлээн авч байжээ.
Нөгөөтэйгүүр, аливаа шашны үзэл баримтлалыг нөгөөгөөс нь дээр тавих замаар бус, харин бүгдийг эн тэнцүү, ялгаварлалгүй зэрэгцэн орших нөхцөл бололцоогоор хангаж байсан Эзэнт Гүрэн байсан гэлтэй. Хаад алив сүсэг бишрэлийг төрийн түвшин байдалд, аж амьдрал ахуй соёлын нэг хэсэг болгон харж байсан байна.
Аливаа шашныг дэвэргэн, бусдыг нухчих үзлийг саармагжуулж байсныг Рубрузын тэмдэглэлээс харж болох юм. Хаадын плюралист, шашинд хүлцэнгүй, нээлттэй хандах байдал нь өөрийнхөө шашныг дэлгэрүүлэхэд Рубрукт хамгийн том саад болж байсан.

Нийтлэгч: Ж.Пүрэвдорж

Сэдэвийн ангилал: НИЙТЛЭЛҮҮД, САЙН МЭДЭЭ
Түлхүүр үг: ,

"XIII зууны үеийн Монгол дахь шашин, итгэл үнэмшлийн төлөв байдал"
нийтлэлд 4 сэтгэгдэл байна

  1. TsolmonGharid says:

    Sonirkholtoi nom shuu…

  2. TsolmonGharid says:

    Sonirkholtoi nom shuu…

  3. бааска says:

    хуулж авч болдоггүй юмуу

  4. бааска says:

    http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..