0

Зүрх сэтгэлээсээ Их Эзэнийг магтахуй

Хамгийн сүүлд858цагийн өмнө уншсан байна

Монголын алдарт дуучин радиогоор эхийн тухай дуу дуулж байх юм. Миний сэтгэл хөдөлж, энэрэлт ээжийгээ хоромхон ч болов дурсахуйд нүднээс минь нулимс урсан гарлаа. Яагаад би уйлж байнаа? Яагаад миний сэтгэл тэгтлээ хөдлөв?

Эзэний надад хийсэн тэрхүү ачлалын тухай сонсохдоо, дуулахдаа миний зүрхний гүн дэх тэрхүү эмзэг утас хөндөгдөж, сэтгэл минь ийнхүү догдолдог бил үү? гэсэн бодол намайг эзэмдэв. Яавал, монголчууд бид эхийн дуунд уярдаг шиг сэтгэлээр, Эзэнийг магтах бол? гэсэн сонин асуултыг өөртөө тавилаа.

Эзэн маань Самари эмэгтэйд, Бурханыг хаа нэгтээ мөргөх нь чухал бус, харин сүнсээрээ, үнэнээр мөргөх нь чухал гэж хэлсэн нь энэхүү асуултанд минь хариулах учиг нь болов уу хэмээн би Бичээсийг сөхлөө (Иохан 4:24).

Сүнсээр мөргөнө гэдэг нь хүний харагдаж байгаа махан бие биш, харин үл харагдаж, үл мөхөх сүнс Бурхантай нэгдэхийг хэлсэн нь тодорхой байна. Бурхантай тийнхүү нандин холбоогоор холбогдоход л би Түүнтэйзүрхнээсээ ярьж, Түүнийг зүрхнээсээ дуулах боломжтой болдог бололтой. Эхийн дуунд зүрх алдарсан шиг тийм зүрх сэтгэлийн ухаарлыг би мэдрэх ёстой гэсэн үг.

Давид хаан өөрийн дуулалдаа (Дуулал 138:1а) Бурханд бүхий л зүрхээрээ талархал өргөнө гэсэн нь түүний магтаал тийнхүү үнэн байгаасай хэмээн хүссэнийг харуулж байна. Түүнд мөргөхөд бидний толгой бус харин зүрх хамгийн чухал бололтой. Түүнийг магтахдаа заримдаа сэтгэл хөдөлдөггүйн учир энэ зүрхэнд байгаа юм болов уу?

Зүрх чухал аж. Харин би яавал яг зүрхнээсээ дуулах вэ? Дуулах дуу маань миний сэтгэлийн гүнээс гарсан хөг аялгуутай байж гэмээ нь би зүрхнээсээ дуулах биш үү? Давид хаан өөрийн дуулсан дуугаа Бурхан надад өгсөн дуу хэмээн хэлсэн байдаг (Дуулал 40:3а; 42:8). Тиймээс ч тэр зүрхнээсээ дуулж байсан байх. Ямар ч үндэстэн өөрийн гэсэн хөг аялгууг Бурханаас авсан байдаг. Нэг үндэстний хөг нөгөө үндэстний хөгтэй хэзээ ч давхцдаггүй нь Бурханы хүмүүн бидэнд өгсөн нэгэн гайхамшиг гэлтэй. Өөрийн дотор тавигдсан, суулгагдсан тэрхүү хөгөөр дууг сонсож, дуулах нь бидний сэтгэлийн гүн дэх утсыг хөнддөг байх нь ээ гэсэн шинэхэн бодол надад төрлөө. Дуулал 67:1-4 дээр бүх үндэстнүүд Эзэнийг баяр хөөртэйгээр магтаг хэмээн хэлсэн нь Бурхан тэдний янз бүрийн хөг аялгуутай магтаалыг таалан сонсдгийг далд өгүүлэх мэт. Миний монгол зүрх ямархуу хөгөөр хөглөгдсөн байна, тэр л хөгөөр би зүрхнээсээ магтаж чадах нь ээ. Өөр үндэстний дуу надад таалагдах байлаа ч би тэр дуугаар Эзэнийг зүрхнээсээ магтаж чадах болов уу? Чадах баймаар! Дуутайгаа зүрх минь нэг л холбогдож өгдөггүйн учиг энд ч бас тайлагдах шиг.

Нэгэн сонирхолтой зүйлийг Паул Колоссай хотынхонд хэлсэн нь, зүрхэндээ дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд нь мэргэн ухааны үг бөгөөд тэдгээр нь зөвхөн хөг аялгуу гаргадаг бус, харин заан сэнхрүүлэхэд чухал үг гэдгийг хэлсэн хэсэг юм (Колоссай 3:16). Дууны үг надад Христийн үнэн үгийг тунхаглах нь миний зүрхнээсээ дуулах дууны цөм нь мэт. Хэрэв дуу надад юу ч заахгүй бол би зүрхнээсээ дуулж чадахгүй гэсэн үг. Тиймээс дуунд намайг сэнхрүүлэх, намайг ухааруулах үнэн үг байх нь чухал аж. Самари эмэгтэйд хэлэгдсэн үнэнээр мөргөхийн учир эндээс олдож байх шиг.

Үнэн байхын зэрэгцээ тэнд уянга яруу үгс байх хэрэгтэйн жишээ бол Библи дэх яруу найраг юм. Дуулал болон бусад утга зохиолын номуудын бичлэгийн хэлбэр эртний еврейн гайхамшигт яруу найргийн олон төрлийг хамарсан байдаг. Харьцуулалт, дүрслэл (Дуулал 2; Сургаалт Үгс 10:1), давталт (Дуулал 29:1) зэрэг монгол шүлэгт байдаг хэлбэрээс гадна акростик, киастик гэх мэтийн еврей хэлний онцлогтой хэлбэрүүд ч их байдаг. Сэтгэлд минь бууж өгөхгүй дуу дуулахдаа уярдаггүйн учиг энд ч бас тайлагдах шиг.

“Эзэн, би Таныг зүрх сэтгэлээсээ магтмаар байна” гэдэг үгийн цаана нилээн бодол, ухаарал хэрэгтэй юм байна гэдгийг би эндээс харлаа.

Би хэдийгээр өөр үндэстний аялгуун дээр орчуулгын үгтэй дууг зүрх сэтгэлээсээ дуулж болох боловч тэр нь монгол аялгуу, монгол үгтэй үнэнийг өгүүлсэн дуунаас арай урт замыг туулан зүрхэнд ирдгийг ойлголоо. Нэгдүгээрт, аялгуугаа ойлгох хэрэгтэй. Энэ нь толгойн хийх ажил. Хоёрдугаарт үг нь юу хэлэх гээд байгааг ойлгох хэрэгтэй. Энэ ч бас толгойн ажил. Тэр бүхэн толгойнд зөв ойлгогдож, зөв зааж сургаж, улмаар тэр нь зүрхэнд ирж байж л би Эзэнийг зүрхнээсээ магтах боломжтой болох нь ээ дээ.

Гэтэл монгол хүний зүрхэнд хуралдах тэрхүү уянга Эзэний үнэнийг уран яруу үгээр илэрхийлэн гарч ирснээр бодохын ч сөхөөгүй миний зүрхийг дэлсэж, хамаг биеийн эд эс бүрт хөвчрөл авчирдаг нь аргагүй үнэн биш үү? Үнэн, үг, аялгуу бүгд нэгэн цогц найрал хөгжим байж гэмээ нь миний сэтгэлийн утсыг хөглөж, надад ухаарал, гэмшил, сэнхрүүлэл, сургамж авчирдаг нь Бурханы хүмүүн намайг хөгжим мэт хөгтэй бүтээсний учир бололтой.

Монгол хүн би, монгол эхийн дуунд уярах нь тиймийн учир байж ээ! Монгол хүн би тэгвэл монгол дуугаар ачлалт Эзэнээ магтвал юу болох бол? Болгоогтун! Тунгаагтун!

Ж. Пүрэвдорж

Source: http://dagaldagch.com/?p=845

Сэдэвийн ангилал: МАГТААЛ ДУУ | WORSHIP
Түлхүүр үг: , , ,

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..