1

Христэд итгэгчид яагаад Ням гарагт цугладаг вэ? (Why do Christians meet on Sunday?)

Хамгийн сүүлд1126цагийн өмнө уншсан байна

Христэд итгэгчид яагаад Ням гарагт цугладаг вэ?

О. Палмер Робертсон

Христэд итгэгчид яагаад Ням гарагт хамтран цугларч, Бурханыг хүндэлдэг вэ? Энэхүү асуулт ичмээр ч байж болох юм. Библид “долоо дахь” өдрийг Бурхан өөрийн хүмүүстээ зориулан онцгойлсон гэж хэлдэггүй бил үү? Библийн хаана Христэд итгэгчид долоо хоногийн долоо дахь өдөр биш, харин эхний өдрийг ариусгасан гэж хэлдэг вэ? Энэ бол үнэхээр сайн асуулт гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэхүү асуултад хариулт өгөх шаардлагатай. Харин хариулт нь юу вэ?

Хуучин гэрээний нотолгоонуудаас эхэлцгээе. Амралтын өдөр (еврей хэл дээр “шаббат” гэдэг) бол Хуучин гэрээнд долоо хоногт нэг удаа тэмдэглэх зүгээр нэгэн тусгай өдөр байгаагүй. Энэ өдөр илүү гүн баялаг ач холбогдолтой. Амралтын өдөр нь Бурхан өөрийн ард түмэндээ гүйцэлдүүлэх ирээдүйн чөлөөлөлтийн үр дүн болох “амралт” уруу чиглэн заасан байдаг. Бүтээлийн зургаан өдрийн дараах амралтыг зөвхөн сануулсан төдийгүй Бурхан ард түмнээ Египетийн боолчлолоос чөлөөлснийг тэмдэглэдэг өдөр байлаа.

Израильчууд дөчин жил цөлд тэнүүчилж, амласан газар уруу орохын өмнөхөн Бурхан Мөөшэд хуулийг дахин сануулсан. Синай уулан дээр өгөгдсөн хуулийг Бурхан дахин давтахад Арван тушаал хэвээрээ байлаа. Анх өгөгдсөн арван тушаалын нэг нь ч өөрчлөгдөөгүй байв. Харин амралтын хуулийн учир шалтгаан нь өөр болсон байлаа. Бүтээлийн зургаан өдрийн дараа Бурхан амарсан учир амралтын өдрийг сахих ёстой хэмээн Бурханы ард түмэнд Синай уулан дээр хэлсэн байлаа (Егип. 20.11; Эх. 2.3-тай харьц.үз). Харин Иордан голын сав газарт тэдэнд, Египетээс чөлөөлөгдсөн учир амралтын өдрийг сахих учиртай гэж хэлсэн (Дэд хууль 5.15). Зөвхөн бүтээлийн учраас бус мөн Египетийн боолчлолоос чөлөөлөгдсөн учир Бурханы ард түмэн долоо хоногийн нэг өдөр амрах учиртай болжээ.

Дээгүүр өнгөрөх өдрийн хурганы цусаар Египетийн боолчлолоос израильчуудын чөлөөлөгдсөн нь ирээдүйд ирэх байсан Есүс Христийн тахилт үхэл, ялгуулсан дахин амилалтаар дамжин ирэх чөлөөлөлтийн зөгнөл байсан гэдгийг бид мэднэ. Хуучин гэрээний итгэлт хүмүүс долоо хоногийн ажил хөдөлмөрөөсөө амрахыг хүлээхийн хажуугаар гэм нүглийн ачаа дарамтаас чөлөөлөгдөхийг мөн хүсэн хүлээдэг байлаа.

Тэгээд Израиль “амралт”-ын газар нутагтаа Иошуагийн удирдлага дор нэвтрэн ороод Иерихо хотыг тойрон долоон өдөр алхсан. Долоо дахь өдөр дээрээ хотын ханыг тойрон долоон удаа алхжээ. Долоо дахь өдөр дээрээ Иерихог долоон удаа тойрч дуусахад хотын хана нуран унаж, Бурханы ард түмэн Канаанд “амралт”-даа орж эхлэв. Иерихог эзлэн авч байгаа байдал Бурханы ард түмэн “шаббатын амралт”-даа орж байгаа зураглал байлаа.

Үүний адилаар, Израилийн далан жилийн цөллөг амласан газарт өгөгдөх байсан чөлөөлөлтийн “амралт” уруу заан чиглэдэг. Израильчууд Вавилонд далан жил цөллөгдөж байх хугацаанд амалсан газар “амралтаа амсаж” байлаа (Шастир.дэд 36.21).

Хуучин гэрээн дэх эдгээр үйл явдлууд Бурханы ард түмэн “амралт” буюу ирээдүйд Бурханы Мессиагийн нэгэн өдөр гүйцэлдүүлэх чөлөөлөлтийг хүлээж байсан гэдгийг харуулдаг. Тэд долоо хоногийн зургаан өдөр ажиллахдаа ирж буй “амралт”-аа хүсэн хүлээдэг байв. Тэд мөн амалсан газрыг амьдралын бүх ачаа дарамтнаас чөлөөлөгдөх “амралт” амсах газар гэж харж байлаа.

Харин одоо тэр чөлөөлөлт биеллээ олсон. Эш үзүүллэгийн биелэл болж Есүс ирсэн. Үхэл ба амилалтаараа тэрээр ард түмэндээ чөлөөлөлтийн “амралт”-ыг авчирсан. Христээр дамжин биелэл болсон аврал өнгөрсөн цагийн түүхэн үйл явдал болсон. “Одоо гүйцлээ” хэмээн загалмай дээрээс Есүс хэлсэн учир гэм нүгэл, үхэл, энэ дэлхий дэх бусад бузар бүхнээс бидний чөлөөлөлт бүрэн биелсэн гэдгийг бид одоо мэднэ.

Иймд одоо Христэд итгэгч хүн чөлөөлөлтийн амралтын талаарх шинэ ойлголттой болсон. Христийн үхлээс амилсан явдал энэ дэлхийн бүтээгдсэнтэй мөн адил ач холбогдолтой болсон юм. Христ үхлээс амилснаар ертөнцийн шинэ журам хэрэгжих болсон. Хүн төрөлхтөнд амьдралын шинэ журам бий болжээ. Есүсийн булшны үүдийг тагласан чулууг Есүсийг гаргахын тулд биш, харин дагалдагчдыг оруулахын тулд зайлуулсан юм. Үхлээс амилж, шинэ биетэй болсон учир Есүс чулуун ханаар нэвтэрч, хаалгыг онгойлгохгүйгээр түгжээтэй хаалгаар нэвтэрч чадах болсон.

Иймд дагалдагчид ч амьдралынхаа хүндэтгэл-ажил хөдөлмөрийн хэлбэр загвартаа шинэ журмыг дагах болсон нь гайхах зүйл биш юм. Тэд амилсан Христтэй хамт цуглаж, долоо хоногоо эхэлдэг болжээ. Христээр дамжин биелсэн чөлөөлөлтийг баяр хөөртэйгээр тэмдэглэж долоо хоногоо эхлэх болов.

Христийн үхлээс амилалтаар дамжин биелэгдсэн чөлөөлөлт Христэд итгэгчдийн хүндэтгэл мөргөлийн өдрийг тодорхойлох болсон дараах нотолгоонуудыг анхааралтай үзээрэй.

(1) Есүс Христ долоо хоногийн эхний өдөр үхлээс амилсан (Мат. 28.1). Есүс өөрийн ажил үйлсийн “амралт”-даа Бямба (долоо дахь өдөр) гарагт бус харин Ням (долоо хоногийн эхний өдөр) гарагт орсон. Долоо хоногийн эхний өдөр Есүс амралтдаа орсоны адил тэрээр биднийг зургаан өдрийн ажил хөдөлмөрөөр долоон өдрийн бидний хэрэгцээг бүрэн хангана гэсэн итгэл найдвар дотор “амарч” долоо хоногоо эхлэхийг хүсдэг.

(2) Есүс Христ Эммаус орох зам дээр явж байсан хоёр дагалдагч, Мариа болон хуран цугларсан дагалдагчиддаа долоо хоногийн эхний өдөр өөрийгөө харуулсан (Иохан 20.10, 14, 19; Лук 24.13).  Долоо хоногийн эхний өдөр ийн үзэгдсэнээрээ амилсан Эзэн дагалдагчидтайгаа уулзах шинэ загварыг бий болгожээ. Дагалдагчид нь амилсны эхний өдөр буюу долоо хоногийн эхний өдөр (Ням гараг) Есүстэй уулзах итгэл хүлээлттэй байх учиртай.

(3) Долоо хоногийн дараа буюу долоо хоногийн эхний өдөр Есүс хуран цугларсан дагалдагчидтайгаа уулзсан. Энэ удаа Есүсийн амилсанд эргэлзэж байсан Томас тэнд байлаа (Иохан 20.26). Хамтран цугларч Бурханыг хүндэтгэх шинэ загвар аль хэдийнэ эндээс харагдаж байна. Шинэ гэрээн дэх Бурханы ард түмэн долоо хоногийн эхний өдөр буюу Христийн үхлээс амилсан өдөр нэгдэн цуглардаг уламжлалтай болж байна. Эдгээр цугларалтыг хүндэтгэж, Есүс тэдэнд өөрийгөө харуулж, өөрийг нь амилсан Эзэн гэж итгэж байгаа тэдний итгэлийг зоригжуулжээ.

(4) Иудейчүүдийн Дээгүүр өнгөрөх баярын амралтаас хойш яг тавь дахь өдөр амилсан Христ хуран цугларсан дагалдагчид дээрээ Ариун Сүнсээ цутган буулгасан бөгөөд энэ өдөр нь долоо хоногийн эхний өдөр байсан байна (Үйлс 2.1-г Лев 23.15, 16-тай харьц.). “Пентекост” гэдэг нь “тавь” гэсэн утгатай бөгөөд Дээгүүр өнгөрөх баяраас хойшхи тавин өдрийг заадаг. Иудейчүүдийн долоон шаббат буюу Бямба гараг нийлээд дөчин есөн өдөр болж, тавь дахь өдөр нь Ням гарагт буюу долоо хоногийн эхний өдөр дээр таардаг. Иймд Ариун Сүнс долоо хоногийн эхний өдөр, шинэ гэрээн дэх Бурханы ард түмэн хуран цугларсан үед буун иржээ. Энэхүү хэлбэр загварыг улам бататгаж өгчээ. Ийнхүү Христийн үхлээс амилалт, Ариун Сүнсний бууж ирэлт хоёр хоёулаа долоо хоногийн эхний өдөр болжээ.

(5) Паул иудейчүүд болон харь үндэстнүүдийн дунд Христийн сайн мэдээг тараан явж байхад Христэд итгэгчид долоо хоногийн эхний өдөр Бурханыг хүндэтгэн магтахаар цуглардаг байсан. Грект байхдаа Паул, Лук хоёр Бурханы ард түмэнтэй талх хувааж, Бурханы үгийн тунхаглалыг сонсохоор долоо хоногийн эхний өдөр цугларч байв (Үйлс 20.7). Энэ өдөр бол Бурханы үгийг сонсохоор шинэ гэрээний ард түмний цуглардаг өдөр болжээ.

(6) Паул коринтчуудад захидал бичихдээ Эзэнд өргөж байгаа өргөлийнх нь талаар заавар чиглэл өгдөг. Тэрээр Коринт дахь итгэгчдийг Галат аймгийн чуулгануудад хэвшил болсон хэлбэрийг даган дуурай гэж хэлдэг (1 Кор 16.1). Долоо хоног тус бүрийн эхний өдөр тэд Эзэнд зориулсан өргөлөө тусад нь тавих учиртай байлаа (1 Кор 16.2). Энэ үед Эзэнийг хүндлэх өдөр чуулгануудын дунд Бурханы ард түмний хэвшсэн хэлбэр болсон байлаа. Чуулганууд өргөлөө хэзээ дуртай үедээ өргөх учиргүй байлаа. Харин долоо хоногийн эхний өдөр Коринтын итгэгчид Галатын итгэгчдийн дунд хэвшил болсон загварыг дагах ёстой байв. Долоо хоногийн эхний өдөр бол Эзэнд өргөлөө өргөх тогтоогдсон цаг байлаа.

(7) Элч Иохан нас өндөр болсон хойноо, магадгүй анхны арван хоёр дагалдагчдаас ганцаар амьд үлдсэн үедээ Патмос арал дээр цөлөгдөөд байлаа. Ийм нөхцөл байдалд тэрээр Бурханы хүмүүстэй нэгдэн цугларч чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Харин нас өндөр болсон элч маань Эзэний өдөр Сүнс дотор байсан гэж хэлдэг (Илч. 1.10). “Сүнс дотор” байсан гэдэг нь ихээхэн ач холбогдолтой байгаа нь мэдээж. Тэрээр Эзэний оршихуйд Ариун Сүнсний хүчээр орж, хайр хүндэтгэлээ өргөн байлаа.

Энд “Эзэний өдөр” гэсэн нь ямар утгатай вэ? Нэг талаас, долоо хоногийн өдөр бүр Эзэнийх учир “Эзэний өдөр” гэж аль ч өдрийг хэлж болох талтай. Харин энд Иохан илүү тодорхой зүйлийг хэлж байна. Тэрээр Эзэнд зориулагдсан “аль ч” хамаагүй өдрийн тухай биш, “тодорхой нэгэн” Эзэний өдрийг хэлж буй. “Эзэний өдөр” гэж хэлсэн тэр нэг өдөр хэзээ вэ?

Тэр нэгэн онцгой өдөр бол өөрийгөө Эзэн гэж баталсан өдөр юм. Тодорхой нэгэн өдөр Есүс өөрийгөө бүгдийн Эзэн гэдгээ бүх дэлхийд харуулсан. Тэр нэгэн өдөр бол Есүсийн үхлээс амилсан өдөр юм. Тэр өдөр Есүс гэм нүгэлт хүний эцсийн дайсан болох үхлийг ялан дийлсэн билээ. Долоо хоногийн эхний өдөр тэрээр бүх дайсныг, бүр үхлийг хүртэл ялан дийлсэн гэдгээ харуулсан. Энэ өдөр бол “Эзэний өдөр” юм.

Иймд анхны элч нарын амьдралын сүүлийн өдөр гэхэд Христэд итгэгчид “Эзэний өдөр” гэж долоо хоногийн аль өдрийг хэлдэг байсныг мэдэх болжээ. Тэр өдөр тэд Есүс Христийн үхлээс амилалт, Ариун Сүнсний цутгалтыг тэмдэглэдэг болжээ. Тэр өдөр итгэгчид Ариун Сүнсний хүч чадлаар Есүс Христийн үхлээс амилсныг тэмдэглэж, хуран цугладаг болов.

Өнөөдөр ч гэсэн энэ хэвээрээ. Бурханаас хүн төрөлхтөнд өгсөн ёс суртахууны хэм хэмжүүрийн тухай арван үгийн нэг нь болсон долоон өдрийн нэгэнд Бурханыг хүндэтгэх анхны тушаал хүчинтэй хэвээр билээ. Долоо хоногийн нэг өдрийг Бурханыг хүндэтгэх, Түүнд үйлчлэхэд зориулах учиртай. Бурханыг ийм замаар хүндэтгэх ёстой гэдгийг бүтээл, чөлөөлөлт хоёр хоёулаа харуулдаг.

Энэ дэлхий бүтээгдсэнээс авахуулаад Христийн ирэх хүртэл тэр өдөр долоо хоногийн эцсийн өдөр байсан. Хуучин гэрээний үеийн хүмүүс Аврагчийн авчрах амралтыг хүсэн хүлээж байв.

Харин одоо Христ ирлээ. Тэрээр бүхий л дайснуудыг ялан дийлж, үхлээс амилсан. Энэхүү ялалтаа долоо хоногийн эхний өдөр байгуулсан юм. Түүнтэй уулзан нөхөрлөхөөр хуран цугларсан тэр өдөр Есүс дагалдагчидтайгаа уулздаг байна.

Тийм учраас бидний төлөө ялалт байгуулж, авчирсан амралтыг нь бид тэмдэглэх ёстой ажээ. Долоо хоногийн эхний өдөр бид хүндэтгэл магтаалаа өргөн, Бурханы амралтад нэвтрэх учиртай юм. Бурханы ард түмэн шинэ гэрээнд Бурханыг хамтдаа хүндлэх, Бичээст харуулсан цорын ганц хэлбэр загвар бол энэ билээ.

Сэдэвийн ангилал: НИЙТЛЭЛҮҮД
Түлхүүр үг: , , , , , , , ,

"Христэд итгэгчид яагаад Ням гарагт цугладаг вэ? (Why do Christians meet on Sunday?)"
нийтлэлд нэг сэтгэгдэл байна

  1. KH.Altankhuyag says:

    Erhem Evropiin Ezend itgegch ahan duusee . ESYSIIN HAANCHILAL cyglaanii amid Eznii gerchileliig sonsooroi . CHyylgan .com EZEN Ta bygedtei hamt baig.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..