4

Захирагч Самсон

Хамгийн сүүлд1271цагийн өмнө уншсан байна

Самсон (Шимшон)

Шүүгчид 13 – 16

Энэ хичээлийн эхэнд Шүүгчид/захирагчид номын дахин давтагддаг циклийг эргэн нэг санах нь чухал юм: “Израилийн итгэмжгүй байдал – Харийн дарлал – Израилийн гуйлт залбирал – Шинэ захирагч – Бурханы чөлөөлөлт – Израилийн амар тайван байдал – Израилийн итгэмжгүй байдал.” Уг эргэлт давтагдах тусам израильчуудын сүнслэг байдал доош уруудаж, Бурханы үг зааврыг дагах нь улам холдож, доройтсоор байдаг. Энэ нь хажуугийн зурган дээрх уруудаж байгаа ороомог утастай төстэй юм.

Самсон Израилийн 12 дахь захирагч байлаа. Түүнийг захирагч болох үед Израиль хөрш зэргэлдээх ард түмнүүдийн заншил уламжлал, шашин шүтлэгт ихээхэн автсан, сүнслэг байдал нь улам доройтсон, Бурханы ард түмэн гэж ялгарах юмгүй болчихсон шахуу байлаа. Израилийн ард түмэн филистчүүдийн гарт орж, тэдний ёс заншил, шашин шүтээнийг дагаж мөргөж байв. Израильчууд филистчүүдтэй харьцаагаа эвдэхгүйг хичээж байсныг хэд хэдэн үйл явдал харуулдаг: захирагч Самсон филист эмэгтэйг эхнэрээ болгосон, филистчүүд өшөөгөө  авах гээд ирэхдээ израильчуудаас биш зөвхөн Самсоныг л барьж авах сонирхолтой байсан, мөн израильчууд филистчүүдийг ирэхэд сөргөлдөөн болох гэж байгаад гайхаж байлаа, израильчууд дараа нь Самсоныг тушаан өгсөн явдлууд үүнийг илтгэнэ.

Самсон захирагч болохын өмнө “израильчууд Бурханы өмнө бузар мууг үйлдэв” (13:1) гэж цикл эхэлж, дараа нь израильчууд филистчүүдийн гарт 40 жил дарлагддаг (дараагийн шат). Урьдах захирагчдын ихэнхэд нь израильчуудын Бурханд хандан хашгиран гуйж байгаа, гэмшиж Бурхан уруу эргэж байгаа тухай дурдагддаг. Харин энэ удаагийн Самсоны циклд энэ хоёр зүйл огт дурдагдахгүй, харин ч Бурхан өөрөө тэднийг филистчүүдээс чөлөөлөх шалтаг хайж байгаа (14:4) нь Бурханаас тэд улам бүр холдсоныг харуулах юм.

Самсоны захирагч болж байгаа нь өмнөх захирагчдаас арай өөр юм. Зөвхөн Самсоны хувьд л эцэг эх нь ихээхэн хэмжээгээр оролцдог. Самсон өөрөө биш, харин эцэг эх нь төрөхөөс нь авахуулаад хүүгээ назийр хүн байлгах амлалт өгч, тэр ч бүү хэл эх нь огт дарс уухгүй байх заавар авдаг. Тооллого номын 6-р бүлэгт назийр буюу өөрийгөө Бурханд өргөн зориулж байгаа хүний дүрэм заавар бий.

  • Эзэнд тангараглан өөрийгөө зориулна гэсэн үг
  • Назийр амлалт нь тодорхой хугацаагаар үргэлжилдэг
  • амлалтын хугацаандаа усан үзмийн аливаа шүүс, дарс уухгүй
  • үсэндээ хайч хүргэхгүй буюу үсээ тайруулахгүй
  • шарил, үхсэн хүний хажууд байж болохгүй

Назийр амлалтыг хүн тодорхой хугацаагаар л баримталдаг байхад Самсон амьдралынхаа туршид назийр хүн байж, дээрх дүрэм зааврыг дагах учиртай байлаа.

Самсоны эх хүүхэд гаргадаггүй хүүсэр эмэгтэй байлаа.  Тэнгэр элч үзэгдэн, түүнийг хүү төрүүлэх болно гэж хэлдэг. Энэ үйл явдал хүүсэр эмэгтэйгээс онцгой байдлаар төрж, Бурханы агуугаар ашигласан бусад хүмүүсийг санагдуулдаг. Жишээ нь: Исаак (эх Сара), Иаков (эх Рэбэка), Самуэл (эх Ханна), баптисм хүртээгч Иохан (эх Элизабэт).

Бурханы Сүнс Самсон дээр онцгой байдлаар байж, өөрийнхөө үүргийг гүйцэлдүүлсэн гэдгийг олонтаа харж болно: “ЭЗЭН түүнийг ивээв” (13:24), “ЭЗЭНий Сүнс түүнийг хөдөлгөж эхлэв” (13:25) хэмээн Самсоны тухай өгүүлдэг. Цаашлаад нүцгэн гараараа арсланг барьж алан (14:6), ганцаараа 30 хүнийг дээрэмдэн, хувцсыг нь авч (14:19), хүлүүлсэн байхдаа хүлээсээ зад тасдан, филистчүүдтэй тулалдан, илжигний эрүүний ясаар 1000 филистчүүдийг хөнөөхөд (15:14) Самсон өөрийн хүчээр биш харин Бурханы хүч чадлаар хийсэн гэдгийг илтгэн “Эзэний Сүнс түүн дээр ирж, хүч оруулав” гэдэг. Хэдийгээр Самсоны амьдрал төгс үлгэр дуурайлал байгаагүй боловч, Бурхан бүх юмыг цаагуур нь удирдан чиглүүлж, өөрийнхөө зорилгын төлөө ашигласан. Самсоныг сохлоод, гутаан доромжлоод, филистчүүд өөрсдийнх нь Дагон бурхан аварлаа гэж бодож байтал гэнэт Израилийн Бурхан ялалтаа байгуулдаг.

Самсоны захирагч байх үеийн гол явдлууд:

14:1-9 Самсон филистин эмэгтэйтэй гэрлэхээр бэлтгэв.
14:10-20 Самсон хуримын найран дээрээ оньсого таалгуулав.

Эхнэрийг нь өөр хүнд өгөв.

15:1-8 Самсон өшөө авахдаа филистчүүдийн талбайг шатаав.

Филистчүүд эхнэр, хадам аавыг нь шатаав.

15:9-17 Иудей аймгийнхан Самсоныг барьж өгөв.

Самсон 1000 филистчүүдийг алав.

15:18-20 Бурхан цангасан Самсонд газраас ус гаргаж өгөв.
Самсон 20 жил Израилийг захирав
16:1-3 Самсон Газагийн биеэ үнэлэгч эмэгтэйтэй хамт
16:4-14 Дэлила Самсоныг филистчүүдэд барьж өгөх гэж гурван удаа оролдов.
16:15-22 Самсон нууцаа Дэлилад хэлж, филистчүүдэд баригдав.
16:23-31 Самсон сүүлчийн удаа филистчүүдээс өшөөгөө авав.

Самсоныг Бурхан зорилгынхоо дагуу ашигласан боловч, түүий амьдралд “Ийм юм хийж болдог юм уу? Захирагч хүн ийм байж болох уу?” гэмээр зүйлүүд гардаг. Самсонд Бурханаас өгөгдсөн агуу их авъяас чадвар, хүч тэнхээ, тосолгоо байлаа, харин зан чанарын хувьд тэрээр ихээхэн дутагдалтай байсан нь харагддаг. Самсоны амьдрал, зан байдал маань ялангуяа их авъяас чадвар, хариуцлага бүхий удирдагч хүмүүст ихээхэн сануулга болохоор юм. Библийн нэгэн тайлбарлагч “Самсон бол амьд сүйрэл (walking disaster). Том боломж, агуу авъяас, их хариуцлага үүрсэн хүмүүс үүнээс хатуу сануулга авах хэрэгтэй” гэж хэлжээ.

1.    Бурханы дуудлага зорилгыг бүү хөнгөнөөр авч үз.

Бурхан израильчуудыг дайсных нь дарлалаас чөлөөлөхийн тулд Самсоныг төрөхөөс нь өмнө онцгойлон сонгон авсан гэдэг нь дээр маш тодорхой харагдаж байгаа. Харин Самсон өөрөө Бурханы энэхүү дуудлагыг хэр гүн гүнзгий ухаарсан бэ гэдэг нь томоохон асуулт юм. Өөрийгөө бие махбодийн хувьд хүчтэй, бяртай гэдгээ ямар ч байсан мэдэж байлаа. Харин назийр хүний амлалт тангаргын гол утга учир болсон Бурханд өөрийгөө бүрэн зориулах учиртай байтал дур сонирхол, уур хилэн, хүсэл тачаалдаа ихээхэн автагдаж, асуудлыг өшөө авалт буюу өөрийн аргаар шийдэх гэж байнга оролдож байв. Назийр хүний хувьд амьтны сэгэнд хүрэх ёсгүй байтал Самсон алсан арслангийнхаа сэгэнд хуралдсан зөгийн балаас утган идэж, эцэг эхдээ ч өгдөг. Амьтны сэгнээс авсан гэдгээ эцэг эхдээ хэлээгүй нь (14:9) Самсон ингэх ёсгүй байсан гэдгийг харуулна. Мөн илжигний шинэхэн ясаар 1000 филистчүүдийг хөнөөдөг (15:15). Библид “илжигний шинэхэн эрүүний яс” гэж тодорхойгоор хэлсэн нь үхээд удаагүй илжигний сэг гэдгийг нь харуулахын тулд бичиж үлдээсэн болов уу. Мөн үүнийхээ дараа шууд яг ясыг хаяж (15:17) байгаа нь сонирхолтой. Самсон өөр аргаар дайснуудтайгаа нүүр тулж болох байв. Иймд Самсон назийр хүний дүрэм зааврыг тэр болгон дагаж байгаагүй ажээ.

Үүнээс хамаагүй илүү ноцтой нь Самсон хүсэл тачаалдаа автан, харийн эмэгтэйчүүдтэй орооцолдон, завхайрдаг. Бурханы дуудлага зорилгыг гүн гүнзгий ухаарч, Бурханд өөрийгөө бүрэн зориулсан бол ийм явдлаас холуур явах байлаа. Филист эмэгтэй Дэлилатай хүсэл тачаалдаа автан байхдаа эцэстээ хүч чадлынхаа нууцыг хэлж өгдөг. Самсон урьдын гурван удаагийнх шигээ өөрийгөө чөлөөлчихнө гэж бодож байлаа. Гэтэл ЭЗЭН Самсоныг орхисныг гашуунаар ухаардаг (16:20). Самсоны хүч бярын нууц нь үсэнд нь биш, харин өөрийгөө Бурханд өргөсөн зориулалт, шийдвэрт нь байлаа. Үс нь тэрхүү зориулалт, тууштай байдлынх нь зөвхөн гадаад илэрхийлэл юм. Өөрийг нь гурван ч удаа хүлж, филистчүүдэд барьж өгч байсан Дэлилад назийр амлалт, үснийхээ учрыг хэлж өгсөн нь Самсон үсээ тайруулахад бэлэн буюу назийр амлалтаа таслахад бэлэн байсан ажээ. Амьдралд нь Бурханы тавьсан дуудлага зорилгыг хангалттай ухаараагүйгээсээ болж, Бурханы тосолгоог хүсэл тачаалаараа наймаалжээ.

Бурхан та биднийг тодорхой зорилгын төлөө дуудсан, аварсан. Хүн болгонд Бурханы төлөвлөгөө бий. “Бурханы төлөө би юу хийж чадхав дээ” гэж бүү хэл. Харин Бурханы зорилго, дуудлага, төлөвлөгөөг мэдэж ав, нандигнан анхаар. Энэ богинохон амьдралаа бүү дэмий өнгөрүүл. Цаг, авъяас, боломжийг бүү хоосон үр, харин Бурханы алдрын төлөө ашигла. Таны амьдралд тавьсан Бурханы дуудлага зорилгыг бүү хөнгөнөөр авч үзээрэй.

2.    Бурханлаг зан чанар бэлэг авъяасаас илүү чухал.

Самсон агуу авъяас чадвар, хүч тэнхээтэй байсан. Харин бурханлаг зан чанар нь ямар байсан бэ? Самсон уур хилэнтэй (14:19), авъяас, хүч чадалдаа бардамнан, Бурханы өгсөн зүйлсийг өөрийн юм шиг үзэн, хүч бярандаа ташааран байгаа нь харагддаг. Самсонд ухаалаг байдал, тэвчээр, махан биеийн хүсэл тачаалаа дарах чадвар, ариун байдал, Бурханы үгийг дагах хүч гэх мэт бурханлаг зан чанарууд дутагдаж байлаа. Нэгэн эрдэмтэн “Самсон бидэнд маш томоохон сануулга болдог. Тэрээр асар их хүч нөөцтэй нэгэн байсан боловч Бурханы шаарддаг ариун зан чанар, сахилга бат бол Сүнснээс өгөгддөг бэлэг авъяасаас ч илүү чухал гэдгийг хэзээ ч ухаараагүй нэгэн байлаа” гэжээ.

Ур чадвар, авъяас бэлэг биш харин зөв зан чанар, характер хүнийг агуу удирдагч болгодог. Зан характерийн асуудалтай хүн хэзээ ч сайн удирдагч болж чаддаггүй. Хичнээн авъяас чадвартай байлаа ч ууртай, эсвэл бардам сагсуу, эсвэл бусдыг доош нь хийдэг, өөрийгөө л боддог хүн хэзээ ч олны талархлыг хүлээдэггүй. Хүн агуу бэлэг авъяас, чадваргүй байлаа ч бурханлаг зан байдал үгүй бол сүйрлээр төгсөж мэдэх юм. Бурханы улсын иргэнд бурханлаг зан чанар бэлэг авъяасаас илүү чухал.

3.    Буруу хандлага, зуршил, гэм нүглээ зүгээр орхиж болохгүй, харин ялан дийлэх ёстой. Үгүй бол амьдралыг маань устгаж мэднэ.

Самсон уур хилэнгээсээ болж, эцгийнхээ гэр лүү буцаж эхнэрээ алддаг (14:19, 20). Хамгийн том алдаа нь Самсоны хувьд хүсэл тачаалаа захирч чадахгүй явдал байлаа. Самсоны холбогдсон гурван эмэгтэй бүгдээрээ “буруу” эмэгтэйчүүд байв. Эхний эмэгтэй нь израиль бус харин филистин байсан (14:1). Дараагийнх нь  Газа дахь янхан эмэгтэй байлаа (15:1). Захирагч хүн маань биеэ үнэлэгч эмэгтэйтэй юу хийж байна аа? Сүүлийнх нь бас л израильчуудын гэрлэх ёсгүй харь үндэстэн буюу филист эмэгтэй байв (16:4). Эхнийх нь эмэгтэй шалсаар байгаад тааврын хариуг хэлүүлж чадсан шиг сүүлийн эмэгтэй шалсаар байгаад Самсоныг дийлж авсан. Израилийн захирагч болоод 20 жил болсон хойноо хүртэл харийн эмэгтэйд дурлаж, хүсэл тачаалдаа бууж өгч байна. Нэг ёсондоо хүсэл тачаалаа хянаж чадахгүй байдал нь хэвээр байсан ажээ. Яагаад дандаа харийн эмэгтэйтэй орооцолдож байна гэдэг нь бас сонирхолтой. Израиль эхнэртэй байсан үгүй нь тодорхойгүй, харин ямар ч байсан харийн эмэгтэйтэй холбогдсон явдал болгон нь уршигтай байсан.

Бурханы заасан хүрээн дотор биш, үргэлж гадагшаа харж, аюултай талбай уруу хараагаа чиглүүлж байсан шиг санагдана. Энэ байдал “айлын талбай үргэлж илүү ногоон харагддаг” гэдэг англи хэллэгийг санагдуулж байна. Самсон хүсэл тачаалаа ялан дийлж чадаагүй учраас эцэстээ энэ нь амьдралыг нь устган дуусгадаг. Иаков номын 1:15 “Тэгээд хүсэл тачаал нь жирэмслээд нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биеллээ олохлоороо үхлийг авчирдаг аж” гэж хэлсний үнэн биелэл энэ юм. Хэрэв буруу хандлага, зуршил, гэм нүглээ ялан дийлэхгүй бол амьдралыг маань харин нэгэн өдөр устгаж мэднэ гэдгийг Самсоны түүх хатуу анхааруулж байна. Дайсан, дайн тулаан, гай гамшиг биш, харин алдуурсан хүсэл тачаал нь Самсоны амьдралыг төгсгөл болгосон.

Самсоны байдал Бурханы төгс сайн, “идеальный” захирагч ямар байхыг харуулахаас илүү израильчуудын буюу бидний гэм нүгэлт байдлыг харуулдаг. Самсон юу хийснээ ухааран гэмшиж, Бурханаас гуйхад сүүлийн удаа хүч чадал өгөн, дайснууддаа томоохон цохилт авчирдагтай адил Шинэ гэрээний итгэгч бид нарын хувьд гэмшиж, Бурханаас уучлал өршөөлийг хайхад Эзэний сүнс чөлөөлөлт, эрх чөлөөг авчирж чадна. Гэм нүгэлт дон зуршлыг Ариун Сүнсний хүчээр ялан дийлэх боломжтой. Самсоны амьдрал дахь хатуу анхааруулгыг санаж, Бурханы дуудлага зорилгыг хөнгөнөөр авч үзэлгүй, бурханлаг зан чанарыг бэлэг авъяасаас илүүд тавьж, буруу зуршил гэм нүглээ ялан дийлж, Бурханы Сүнсний хүчээр амьдрахын төлөө хичээнгүйлэн гуйцгаая.

Гарамцэрэнгийн Баяржаргал

2010 оны 12 сар

Та Хуучин гэрээний энэхүү цувралын бусад хичээлүүдийг уншсан уу?

Мөөшэ

Захирагчид/Шүүгчид ном

Захирагч Гидеон

Захирагч Самуэл

Хуучин гэрээг 150 хоногт унших төлөвлөгөө

Сэдэвийн ангилал: НИЙТЛЭЛҮҮД, НОМЛОЛ, НИЙТЛЭЛҮҮД, Хуучин гэрээний цуврал хичээл
Түлхүүр үг: , ,

"Захирагч Самсон"
нийтлэлд 4 сэтгэгдэл байна

  1. Javkhaa says:

    Mash saihan surgaali bolson bn aa. Urdnii uzsen hicheelee dahin batatgaj unshij bgaadaa mash ih bayartai bn. Samsonii tuhaid gevel Burhanii iveeliig awaad daanch duulgavartai huu baij chadsangui. BUGDEEREE DUULGAVARTAI SAIN HUUHDUUD BAITSGAAYA AA :yahoo:

  2. Javkhaa says:

    Mash saihan surgaali bolson bn aa. Urdnii uzsen hicheelee dahin batatgaj unshij bgaadaa mash ih bayartai bn. Samsonii tuhaid gevel Burhanii iveeliig awaad daanch duulgavartai huu baij chadsangui. BUGDEEREE DUULGAVARTAI SAIN HUUHDUUD BAITSGAAYA AA :yahoo:

  3. Tugsuu says:

    Goyo helsen shuu Javhaa. :good: Duulgavartai baidal itgegch hund gol tulguur bolno gej bodoj baina. Olon sain zuiluud medleech tuuniig hiih, dagah duulgavartai zan chanar baihgui bol heregjuulegch baih bolomjgui yum. Burhan ugiig ni dagaj baigaa negniig haraad bayarlan, ulam iluugeer iveedeg bilee.

  4. Tugsuu says:

    Goyo helsen shuu Javhaa. :good: Duulgavartai baidal itgegch hund gol tulguur bolno gej bodoj baina. Olon sain zuiluud medleech tuuniig hiih, dagah duulgavartai zan chanar baihgui bol heregjuulegch baih bolomjgui yum. Burhan ugiig ni dagaj baigaa negniig haraad bayarlan, ulam iluugeer iveedeg bilee.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_bye.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_good.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_negative.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_scratch.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wacko.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yahoo.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cool.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_heart.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_rose.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_smile.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_whistle3.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_yes.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_cry.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_mail.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_sad.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_unsure.gif 
http://www.ukmcf.com/wp-content/plugins/wp-monalisa/icons/wpml_wink.gif 
 
© 2017 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..