Түүхэн замнал

Их Британи дахь Монголчуудын Христийн Нөхөрлөл чуулган

Бурхандаа өргөх талархал

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэн, Эзэн Есүс Христийнхээ нэрээр мэндчилж байна! Юуны өмнө та нарыгаа Иошуа 1:9 хэмээх ишлэлээр урамшуулж, энэхүү талархлаа эхлэе.

Бурхан “Тууштай бөгөөд зоригтой бай! Хаана явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх учраас бүү чичирч айгтун” гэж айлдсан. Бидний Бурхан хэлсэндээ үнэнч, амласанаа биелүүлдэг итгэмжит НЭГЭН билээ. Тиймээс та дээрхи ишлэлийг зүрхэндээ тээн, Түүнд итгэн найдаарай.

Одоогоос хэдэн жилийн өмнө буюу 2009 оны 4 сарын 10-нд Христэд итгэгч бидний найман монгол ах дүүс Лондонд анх удаагаа цугларч, анхны Библи судлалаа хамтдаа хийсэн билээ. Тэр Библи судлалынхаа дараа хамт хооллож, нөхөрлөн  суухдаа Англид сурч, амьдарч байгаа монголчуудад Бурханы хайр, Сайн мэдээ,  Христэд итгэгч монголчуудын нөлөөлөл маш их хэрэгтэй байгааг ярилцан,  тэдэнд хэрхэн хүрч ажиллах талаар зөвлөлдсөн юм. Хүн бүр бодлоо солилцон, Бурханы Сайн мэдээг хуваалцах, Эзэний хаанчлалын ажилд  гар бие оролцох хүсэл сонирхлоо илэрхийлж байлаа. Гэвч чухам Сайн мэдээг хэрхэн хуваалцах, монголчуудад чухам яг яаж хүрэх талаар хүмүүсийн туршлага бага байв.

Гэсэн хэдий ч Бурханы Ариун Сүнсний тусламжтайгаар энэхүү анхны уулзалтаар бид ямартай ч сард хоёр удаа уулзаж, Библи судлал хийж байхаар тохиролцсон юм. Бидэнд уулзах байр, магтан дууны хөгжим зэмсэг байхгүй байсан хэдий ч бид эхэндээ Starbucks хэмээх кофе цайны газрын  дээд давхрын өрөө, эсвэл хэн нэгнийхээ гэрт цугларч уулздаг байв.  Дараа нь Бурхан биднийг байраар ивээсэн бөгөөд бид City Gate  хэмээх сүмийн албан конторт уулзалтаа хийж байх боломжоор ивээгдсэн юм.  Энэ нь Бурханы хаанчлалын төлөөх ажил үйлсэд маань томоохон урам болж, Бурхан биднийг өөр олон зүйлээр бас ивээсэн. Тэрхүү анхны уулзалтаас хойш эхнэр бид хоёр итгэгчдийнхээ төлөө залбирч, анхны уулзалт хийсэн өдрөөс хоёр сарын дараа үйлчлэлийн анхны багаа бүрдүүлж, 2009 оны 6 сарын 2-нд үйлчлэлийн багийн анхны хурлыг хийж, 2009 оны 6 сараас 12 сар хүртэлх хагас жилийн төлөвлөгөөгөө хамт боловсруулан цаашид үйлчлэлээ багаар гүйцэтгэх болсон билээ.

Манай анхны үйлчлэлийн баг.

Багийн гишүүдээс залбирал, гуйлтыг хамтдаа байнга хийж байх санал гарсан бөгөөд бид одоо жижиг бүлгээр, дагалдагч нь дагалдуулагчтайгаа хамт,  мөн өдөр бүр 20:00 цагт хувьчлан залбирцгааж байна.

Цаашид үр дүнтэй үйлчлэхийн тулд багийн гишүүд болон итгэгчид Сайн мэдээг хэрхэн тараах, шинэ итгэгчдэд хэрхэн хүрч үйлчлэх тал дээр суралцах хэрэгтэй байлаа. Тиймээс тэдэнд зориулан тусгай сургалтыг Төгсөө, Баярмаа хоёр удирдан зохион байгуулж, пастор Анди, пастор Абрахам, Паул ба Дина, пастор Баяржаргал нарыг урьж багшлуулан, гишүүдийг Бурханы үгээр зэмсэглэсэн билээ. Энэ бүгдийг эргээд харахад Бурхан бидний хэрэгцээг үнэхээр хангасан бөгөөд  манай багийн гишүүд улам чадваржин, цаашид үйлчлэлээ систэмтэйгээр үргэлжлүүлэх боломжтой болсон юм.

Уг сургалтаас хойш бид сард нэг удаа Сайн мэдээ тараах  хөтөлбөр хийж эхэлсэн бөгөөд тухайлбал Ice Cream, Creation movie, Christmas evangelism, Easter гэх мэт хөтөлбөрүүдийг зохион байгуулаад байна.  Эдгээр хөтөлбөрүүдэд  олон хүн хамрагдаж, олон хүн Христ Эзэнийг хүлээн авч,  бидний нөхөрлөлийн нэгэн хэсэг болоод байна. Мөн тэдний амьдрал Бурханы үгээр хэрхэн өөрчлөгдөж байгааг бид харж, Бурханы агуу захирамжийг биелүүлэх нь ямар чухал, ямар АГУУ ажил болохыг өдрөөс өдөрт ухаарч байна.

Бурханд талархлаа өргөх өөр нэгэн зүйл бол Лондон дахь итгэгчид маань 2010 оны 5 дугаар сард өөрсдийн салбар цуглаанаа Манчестер хотод нээсэн бөгөөд итгэгчид маань өдрөөс өдөрт Бурхан Эзэнээ улам бүр хайрлан хүчтэй сайн итгэгчид болон өсч байгаа явдал юм.

Англи улсад Бурханы хаанчлалын ажилд хамтдаа үйлчилж байгаадаа бид сэтгэл өндөр байдаг. Бурхан төлөвлөөгүй л бол дээр дурдсан зүйлс болох боломжгүй байсан нь тодорхой. Тиймээс бид улам урамшин, өөр  олон гайхамшиг хийгдэхийг Бурханаас залбиран гуйж байна. Бурхан төлөвлөснөө гарцаагүй гүйцэлдүүлдэг, төлөвлөгөөг нь хэн ч  нурааж чадахгүй. Тиймээс бид Эзэний төлөвлөгөөнд хамрагдсандаа талархаж, итгэлдээ бат зогсон, хаанчлалынх нь төлөө үйлчилж байна.

Бид онцгойлон нэгэн зүйлийг итгэлээрээ залбирахыг хүсч байна. Энэ нь Англид амьдарч байгаа олон мянган монголчууд удахгүй  Эзэн дээр ирж,  олон монгол чуулган Англид үүсгэн байгуулагдаасай хэмээн итгэн залбирч байна. Чуулганууд  олон сайн итгэгчдийг төрүүлэн, тэд чуулганд хамрагдсанаар амьдралд нь мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, олон  хүмүүст сайн гэрчлэл болж, улмаар өөр улс үндэстнүүдэд хүртэл нөлөөлөх чадвар бүхий болж бэлтгэгддэг. Тиймээс бид олон монгол чуулган энэ улсад бий болж, Бурханы агуу үйлсийг хийх олон хүн бэлтгэгдэн гараасай хэмээн итгэн залбирч байна. Биднийг дуудан, мөнхийн улсынхаа  үйлчлэлд хэрэглэж байгаа Эзэн Бурханд бүх алдар магтаал нь байг!

Төгсөө (2011.09 сар хүртэл),

Га. Баяржаргал (2011.09 сараас хойш)

ИБМХН чуулганы ахлагч

© 3443 UKMCF.com. Вэб сайтаас мэдээ мэдээлэл авсан тохиолдолд зохиогчийн эрхийг хүндлэн сайтын нэрийг тавих буюу нийтлэгчийн нэрийг заавал дурьдан уу..